ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦЫН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ
- Нүүр хуудас
- ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦЫН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ
Эрхэм хүндэт хатагтай, ноёдоо!
Эх орондоо мэдлэг, инновацыг бүтээж буй эрдэмтэн судлаачид, шинийг эрэлхийлэгч бизнесмен, эрдэм оюунд суурилсан баялгийн хөрөнгө оруулагч та бүхний энэ өдрийн амгаланг айлтгаж, чин сэтгэлийн халуун мэндчилгээг хүргэж байна.
Шинжлэх ухаан, технологийн шинэчилсэн хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд Шинжлэх ухаан, технологи, инновацын үндэсний хороог шинээр зохион байгуулж, түүний үйл ажиллагаа, чиг үүргийг өргөжүүлэх бодлого шийдвэр гарсан нь хөгжлөөр тэргүүлэх улс орнуудын жишгийн дагуу шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын удирдлага, менежментийг сайжруулахад чиглэсэн чухал шийдвэр, алхам болсон билээ.
Өнөөдөр манай улсын эдийн засаг нь түүхий эдийн экспортод суурилсан буюу нэмүү өртөг, мэдлэг оюуны багтаамж багатай, тогтвортой хөгжлийг хангах боломжгүй хэвээр байгаа бөгөөд эдийн засаг, нийгмийн хөгжлийн болон байгаль орчны олон сорилт, бэрхшээл бидний өмнө тулгамдаж байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэх, хөгжлийн шинэ шатанд гаргахад судалгаанд суурилсан тооцоолол баримт, шинжлэх ухаан технологийн дэвшилтэт мэдлэг, технологи, инновац чухал үүрэгтэй.
Хөгжилд хүрсэн олон орны туршлагаас харахад төрийн бодлого шийдвэр нь оновчтой, тогтвортой байж, олон талт хамтын ажиллагаа санал зөвлөмжид тулгуурлан гардаг ажээ.
“Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй
Бүлээн усаар угаавал хиргүй” гэсэн ардын сайхан үг буй.
Шинжлэх ухаан, технологи, инновацын үндэсний хороо, түүний нарийн бичгийн газар нь үндэсний хэмжээнд, яамд салбарын түвшинд, бүс нутаг, аймаг орон нутгийн хэмжээнд шинжлэх ухааны ололт амжилт, мэдлэг инновацид суурилсан эдийн засаг, нийгмийн хөгжил, байгаль орчны төсөл хөтөлбөрийг та бүхний хамтын ажиллагаанд суурилан нээлттэй, үр дүнтэй хэрэгжүүлэх болно.
Та бүхний үнэтэй санал зөвлөмж, мэдлэг оюунд тулгуурлан боловсруулах манай Хамтарсан засгийн газрын бодлого, шийдвэр оновчтой байж, хөгжлийн түүчээ төсөл, арга хэмжээнүүд үр өгөөжөө өгч, хүн ардын маань амьдрал цэцэглэн хөгжиж, Монгол орны минь ирээдүй оюунлаг, гэгээлэг байх болтугай.
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦЫН ҮНДЭСНИЙ ХОРОО
НАРИЙН БИЧГИЙН ДАРГА
ДОКТОР Д.БАТЧУЛУУН